Wednesday, November 18, 2009

Намайг нэгэн бүсгүй хайрладаг

Намайг тэр нэгэн бүсгүй хайрладаг
Намрын нар шиг илчээрээ төөнөдөг
Навчин уруулаараа эвлүүлж хайр бэлэглэдэг
Намайг зүрхэндээ хадгалж хүлээдэг

Огт аниргүйн дунд ганцхан цэцэгс мэт
Огторгуйд дүүлэгч нар саран мэт
Өөр хэнийг ч хайрлаагүй хайраар
Өөрийг минь хайрлаж бас инээж угтдаг

Хүний гэгээн орчлонд бүсгүй хүн намайг хайрладаг
Хүслээн шившиж нар шиг төөнөдөг
Ариухан гэгээн хайраа бэлэглэж
Аз жаргал өгөөч гэх шиг бүртийж л үддэг

Намайг тэр нэгэн бүсгүй хайрладаг
Нандин,дэндүү их хайраар шагнадаг
Нанчид шиг харцаараа согтоож хайрладаг
Найргийн онгод огшоож шүлэг бэлэглэдэг

Билгийн хур амилааж шүлэг чамдаан зориулж
Ботгон дүрээр мөнхөрч хайр даллан ирж
Бидэрт зүрхэнд үүрээ зассан шувууг
Би бас хайрлахгүй байж чадаагүй

Тэр намайг би түүнийгээ хайрласан
Тэр гэгээн бас эмзэгхэн хайр минь ээ
Наснаасаа эрт буурал суусан үсэнд минь
чи шингэж хайрласан
Нар эргэсэн духны олон хээнд минь
чи нуугдаж хайрласан



Өнгөрсөн олон өдрүүдийн цаанаас
чи шивнэж хайрласан
Өөр буруу тавилангийн өмнөөс
чи сөрж тэмцэж хайрласан
Дэргэд минь ургах уулс бай гэж
чи шившиж л хайрласан

Дэнжийн түмэн цэцгэнд хурын ус шиг
мэлмэрч хайрласан
Дөлгөөн буурал мөрөн голын урсгал шиг
долгиолж хайрласан
Дэмий ирээгүй нартад зүүгдэж зүрхэнд
уярч л хайрласан

2009.04.15 МӨРӨН

Миний сэтгэлд өвс ганхана,салхи исгэрнэ
Монголын тал нутаг үнэртэнэ
Модод шуугиж,шувууд зэллээд
Морьд үүрсэж талын аниргүйд үүр цайж байна

Өнчин толгодын оройд хяруу унаж
Өглөөний наран аргадан захаасаа хайлж байна
Өвсөн толгой ганхана,салхи исгэрнэ
Өнийн буурал түүх надад шивнэнэ

Наран мандаж бодолд хяруу цайрна
Намар болж дээ хорвоогийн энэ л өдөр
Навчис гандана,салхи сэрчигнэнэ
Надад түүх шивнэн уулс дүнсийнэ

Хяруу унасан намрын өглөө
Хөл нүцгэн морьдоо юүлж явна аа
Хаа холын замд эртлэн мордоод
Хамаг хүслээн үлдээж би одно оо

Бараа нь торойгоод ижий минь үлдсэн
Баяртай гэж би ижийдээ хэлээгүй
Байгаа л дүрээрээ алсад мордсон
Билгийн орчлонд ургаж хагдарахаар одов

Ай миний сэтгэлд намрын хяруу унав
Ааш ялдам бүсгүйн сэтгэлд би ургав
Атаа хорсол шунал тачаал нүүрлэж
Амьдрал чамайг би даган одов

Явж явж энд хүрээд зогсов
Ядрав гэж өөрөө өөртөө санаа алдав
Яруухан эгшиг цээжинд үдлэв
Яг энд шүлэг төрөв, чамд дурлав

Ренчиний Чойномд би атаархаж
Расул Гамзатов шиг уянга нэмэв
Равжаа хутагтын онгод сүслэн
Рашаан булаг мэт хайр ундрав

No comments:

Post a Comment