Saturday, October 3, 2009

Зовлонгүй жингээ хасах аргууд

Эмэгтэйчүүдийн байнгын сэдэв жингээ хасах, гуалиг сайхан болох байдаг. Та доорх зөвлөгөөнөөс хэрхэн өөрийгөө зовоолгүйгээр жингээ хасах талаар их өвөрмөц аргуудыг унших болно. Илүүдэл жин маань буруу хоололт хөдөлгөөн дутагдсанаас бий болдог. Энэ зөвлөгөө нь юу идэж байгаа дээр биш харин хэрхэн идэж байгаа дээрээ төвлөрөх юм. Эхлээд эдгээр нь танд хачин санагдаж байж болох ч зуршил болгох юм бол үр дүнг нь та харах болно.

1. Удаан идэцгээе!

Бараг хүн бүр их хурдан иддэгээ анзаардаггүй. Ойролцоогоор 20 минутийн дараа бидний ходоод цадсан гэдгээ тархинд дамжуулж хэлдэг гэнэ. Гэтэл бид хоол идэхдээ 10 минутийг л зарцуулдаг шүү дээ. Тэгэхээр бидний бие организмад шаардлагатай хоол хүнсээс үргэлж илүү ихийг идсэний үр дүнд илүүдэл жин бий болдог. Удаан сайтар зажилж идэхэд цадсан мэдрэмжийг бид хүлээж авахад бэлэн болдог байна.

2. Жижиг тавгийг ашиглацгаая!

Хэрчсэн төмс бусад хоолон дахь хүнсний бүтээгдэхүүнүүд оройн хоолны тавганд маань жижигхэн харагддаг. Тэгэхээр бид өөрсдөдөө хэтрүүлэн идэж байгааг мэдрүүлэхийн тулд жижигхэн тавганд хийж идэх нь тархинд цадсан гэсэн мэдээлэл хүрж та хэтрүүлэн идэх зуршлаас салах юм.

3. Ширээн дээрээ суу

Нэг хазам хүнсийг хүртэл ширээн дээрээ сууж ид. Тухлаж аван элдэв чипс, печенье бусад хүнс хэмлэх нь мэдээж илүүдэл жинг үүсгэнэ шүү дээ.

4. Зөвхөн тавагнаас ид

Чипс, попкорн гэх мэтийг идэхдээ тавганд хийж идэх нь дээрхийн хэлсэн адил хэр их хэмжээгээр идэж байгаагаа хянах бололцоог олгодог. Савалсан уутнаас нь идэхэд за тэгээд буйдан дээр тухалж авсан бол таны тархи хэтрүүлэн идэх дохиог ялгаж чадахгүй л болов уу? Дашрамд хэлэхэд савалгаатай хүнсний бүхий л бүтээгдэхүүнийг ийн идэх нь чухал.

5. Хоолтой тавгаа өөрөөсөө холдуул

Магадгүй та аль хэдийн сайхан хооллосон атлаа нүдэнд тань хоол харагдвал хоёр гурав халбагадаж идэх дуршил хөдлөнө шүү дээ. Тиймээс хооллож дуусаад бусдын ч юм уу өөрийнхөө үлдэгдэл хоолыг нүдэндээ харагдахгүй газар тавиарай.

6. Үнэтэй амттанг идэх

Амьдралын амтыг чихэр, школад зайрмаг гээд амттангүйгээр төсөөлж болохгүй болов уу? Харин тэдгээр амттан жин нэмэх бас нэг том шалтгаан болдог. Хамгийн үнэтэй десертүүдийг худалдан авах чадвартай тохируулан ав. Ингэснээр амттанаа та хэтрүүлэлгүй идэхээс гадна амттан улам ч их амттай санагдах болно. Санхүү гэдэг бол сайн хязгаарлалт болох болно.

7. Олон удаа хоолло

Махны хэрэгцээгээ багасга. Махны оронд ногоо, жимс гэх мэтчилэн эрүүл хүнсийг сонгон хэрэглэ. Мөн өдөрт бага багаар 7-8 удаа хоолло. Махаар амтлагдсан хоол идэхээ өдөр бүр багасгахыг хичээгээрэй.

8. Идэж байгаа бол зөвхөн ид.

Идэж байхдаа зурагт үзэж, сонин уншиж эсвэл хэн нэгэнтэй яриа өрнүүлж машин барих хэрэггүй. Хоол хүнсэн дээрээ төвлөрч дуршилтайгаар хоолоо л зөвхөн ид. Бусад зүйлийг идэж байхдаа давхар хийх нь автоматаар их идэх үйлдлийг дагуулна.

9. Уух шингэн дээрээ анхаар

Уух зүйлсээсээ та хэр их калори авч байгаагаа тооц. Хэрэв та чихэрлэг жүүс, сод, спиртийн төрлийн ундаанаас татгалзаж чадвал хэдэн зуун калорийг өдөрт хаях болно. Эдгээрийн оронд халуун цай, ice tea, ус зэргийг хэрэглэ.

10. Дуршилаа дарах

Та амттан, сайхан хоол идмээр санагдаж хоолны дуршил тань хөдөлж байна уу? Тэгвэл түүнийг дарахын тулд эхлээд 5 минут хүлээ, хэрэв үнэхээр идмээр санагдаад байвал тухайн хүнснээсээ жижигхэн тавган дээр цөөхөн хэдэн хазамыг тавиад удаанаар идээрэй. Мэдээж үлдсэн амттанаа нүдэнд харагдахгүй газар тавих хэрэгтэй.

Хооллох энгийн хэдхэн дүрэм баримталснаар та өдөр бүр хэдэн зуун калорийг хасах бололцоо байдаг. Туршаад л үз, зуршил болсон үйлдлүүд үр дүнтэй байх болно шүү!

Сэвх арилгах талаар

Сэвхийг арилгаж арьсыг цайруулахад бүрэлзгэнэ, бөөрөлзгөнө, улаан лууван, яншуй, үхрийн нүд, нимбэгний шүүсийг төсний гурил буюу исгэлэн байцааны шүүстэй тэнцүү хэмжээтэй хольж хутгаад арьсан дээрээ тавихад тааламжтай сайхан үйлчилгээ үзүүлдэг. Хэрвээ таны нүүр маш их сэвхтэй бол луувангийн шүүсээр арчаарай. 2-3 лууванг үрүүлээр үрж жижиглээд шүүсийг нь шахаж гаргана. Луувангийн шүүсээр нүүрээ арчхад нүүр гарангуй өнгөтэй харагдах боловч сэвх аяндаа бүдгэрнэ. Луувангийнхаа шүүсэнд нимбэгний хэдэн дусал нэмээд түрхэхэд гайхалтай үр дүн ажиглагдана.

Илүүдэл жин

Нимбэгний шvvстэй 1 стакан халуун усыг хоолны өмнө уух нь хоол боловсруулах ажиллагааг сайжруулж, цусан дахь холестрины хэмжээг саармагжуулах ба элэгний байгалийн цэвэрлэгчийн vvргийг гvйцэтгэж, хэрэгггvй бодисыг гадагшлуулж өгдөг. Энэ жор нь энгийн бөгөөд vйлчилгээ сайтай учир цагаан хоол хэрэглэдэг Солонгосын одод vvнийг хэрэглэх дуртай.

Зорилгодоо хурдан хүрэх 7 арга

Та зорилготой юу? Та зорилгоо хэрхэн тодорхойлдог вэ? Зорилго хүнийг амжилтанд хүргэдэг гол хүчин зүйл гэдэг. Зорилгогүй хүн салхины аясаар хөдлөх цаас адил байдаг ч гэж хэлдэг. Гэхдээ зорилго тавина гэдэг нь зөвхөн тэгнэ, ингэнэ гэж хэлэх бус, харин яагаад тухайн зүйлийг зорилгоо болгох болсоноо мэддэг, хэрхэн зорилгодоо хүрэх, зорилгодоо хүрэхийн тулд яах ёстой гээд бүх зүйл тодорхой болгох ёстой байдаг байна. Гэтэл хүмүүс зорилгыг зөвхөн толгойдоо бодож явах ёстой зүйл мэтээр боддог. Гэтэл зорилгыг зөвхөн бодож явах нь хий хоосон мөрөөдөл л болон хувирдаг. Тэгвэл зорилгоо биелэшгүй мөрөөдөл болгохыг хүсэхгүй байвал та дараах зөвлөгөөг уншаад үзээрэй. Танд хэрэг болно гэдэгт итгэж болно.

Энэхүү зөвлөгөөг уншсаныхаа дараа та зорилготой явж байсан уу, эсвэл зөвхөн мөрөөдөж явсан уу гэдгээ мэдэх болно.

1. Зорилго тодорхойлох явцад хийх ёстой хамгийн анхны бөгөөд хамгийн чухал алхам бол зорилгоо бичих. Зорилгоо бичсэнээр таны зорилго зөвхөн бодол төдий байхаа болино гэсэн үг юм. Гэхдээ зөвхөн зорилгоо бичих нь хангалттай биш. Та зорилгоо бичихдээ “ тэгмээр байна, тэгнэ ингэнэ гэж бичихээсээ илүү зорилгоо яг тодорхой байдлаар буюу яг ямар байхыг нь нарийн тодорхойлон бичсэн байх ёстой байдаг. Гэтэл хүмүүс зорилгоо бичнэ гэдгийг ганц өгүүлбэрээр өөрийн хүслээ бичихтэй адил гэж боддог юм.

Жишээ нь :
“ Би шинэ байшин худалдаж авмаар байна “гэдэг зорилго биш. Харин “Би 2 давхар, орчин үеийн стильтэй, 4 унтлагын өрөөтэй, тансаг зочны өрөөтэй, ил зуухтай, усан сантай байшин худалдаж авахыг хүсэж байна” гэдэг бол зорилго юм.
“ Би их мөнгөтэй болохыг хүсэж байна” гэдэг зорилго биш. Харин “Би 7 сар гэхэд өөрийн бизнесээр 1 сая төгрөг олно” гэдэг бол жинхэнэ зорилго юм.

2. Зорилгоо биелүүлж эхлэхээсээ өмнө та өөрөөсөө дараах асуултыг асуух ёстой. Гэхдээ та маш зөв, бөгөөд үнэн хариулах ёстой юм. Эс тэгвээс зорилгодоо хүрэх зам тань буруу болох болно. Энэ асуулт бол :
“ Та яагаад энэ зорилгыг сонгосон юм бэ? “
Үүнд та “би зөвхөн хүссэн учраас” гэж хариулах нь хариулт болж чадахгүй. Та яагаад тухайн зорилгыг сонгосоноо мэдэхгүй байх нь таныг дуусан дуустал зорилгынхоо төлөө явахгүйг илтгэж байгаа хэрэг гэж ойлгож болох юм. Тэгэхээр та яагаад тухайн зорилгыг сонгох болсоноо тодорхой шалтгаануудаар нь дараалуулан бичих ёстой. Таны гаргасан шалтгаануудын жагсаалт урт, олон байх тусам та зорилгодоо үнэнч байна гэсэн үг.

3. Та зорилгоо том тавьж, харин зорилгодоо хүрэх зорилтуудаа бага багаар хийх ёстой. Ингэх нь таныг зорилготой тань байнга холбож байх болно. Тэгэхээр та байнга идэвхтэй байдалд байхын тулд өмнөх орой нь маргааш юу хийх билээ гэдгээ бүгдийг нь бичих хэрэгтэй байдаг юм.

4. Дараагийн чухал алхам бол та өөртөө өдөр бүр 15 мин гаргаж, тухайн өдөр юу хийж бүтээснээ, юу хийж дуусгасан, ямар амжилт гаргаснаа бичиж байх юм. Энэ алхам таны амьдралыг үнэхээр өөрчилж чадна гэдэгт та итгээрэй. Энэ алхамыг хийдэг хүмүүс маш бага байдаг гэдгийг та мэдэх байх. Ингэж бичсэнээрээ та өөрийгөө идэвхжүүлж байгаа хэрэг. Явцдаа та өөрийгөө зорилгодоо алхам алхамаар ойртож байгааг мэдрэх болно. 30 хоног ингэж бичсэний дараа та ингэж бичихгүйгээр унтаж чадахаа болих болно.

5. Танд зорилгоо биелүүлэх боломжит мөч ирэх байх гэж та хүлээдэг үү? Чухам хэзээ тэр мөч нь ирэхийг яаж мэдэх юм бэ гэж та бодож байгаа байх.
Тэгвэл тэр мөч нь “ Яг одоо” юм. Минут секунд тутам танд чухал мөч байх ёстой. Та хэзээ ч зорилгодоо хүрэх үйлдэлийг хийж болно. Хэзээ ч эртэднэ гэж үгүй. Маргааш гэж бүү хэл. Даваа гаригаас эхэлнэ гэж бүү хэл. Гагцхүү яг одооноос эхлэх ёстой.
“Амьдралаас сайхан мөч, сайхан боломжийг хүлээх хэрэггүй . Учир нь тийм мөч байдаггүй” гэж нэгэн алдартай хүн хэлсэн байдаг.

6. Та үр бүтээлтэй байхын тулд аливаа зүйлийг хойш тавьдаг занг хаях хэрэгтэй. Хэрвээ танд ийм зан байгаа бол дараах аргаар засаж болно.
Дараагийн удаа та өөрийгөө ямар нэг зүйлийг хойшлуулах гэж буйг мэдэх аваас цаас гаргаад бичих хэрэгтэй. Та хувцасны шүүгээгээ янзлах гэж байна. Гэтэл танд зав гарахгүй юм шиг санагдаж, түүнийг хийвэл өдөр өнгөрчих юм шиг санагдаж байвал :

Өнөөдөр хагассайн өдөр. Би гал тогоонд суугаад цай ууж байна. Би хувцасны шүүгээгээ янзалмаар байна. Түүнийг янзлахад зөвхөн 1 цаг л хэрэгтэй. Янзалж дууссаны дараа надад маш амар байх болно.
Ингэж бичих үед танд өөрийн эрхгүй гялс шүүгээгээ янзлах бодол төрнө. Учир нь та янзалж дууссаны дараа танд сайхан байхыг мэдэж байгаа бөгөөд та өөрийгөө аль хэдийн хувцасаа янзлаж байгаагаар төсөөлсөн байгаа. Энэ арга энгийн мэт санагдаж байж болох ч үр дүн нь гайхалтай байдаг юм.

7. Таны үр бүтээмжийг 125%-р дээшлүүлэх арга.
Та хийж буй зүйлээсээ таашаал авах ёстой. Өөртөө сонирхолтой байдлыг бий болго. Хэрвээ та өдөрт 3 хуудас юм бичдэг бол 4 хуудас юм бичиж чадах эсэхийг шалгаж, өөрийгөө сорих хэрэгтэй. Тэгээд өөрийгөө хичнээн хуудас бичиж чадахыг шалгаж болно шүү дээ. Та үр дүнг нь хараарай. Та одоо хийж байгаагаасаа 125% аар илүү зүйлийг хийж чадна. Энэ таны амьдралыг бүхлээр нь өөрчилөх болно. Тэгэхээр та хамгийн гол нь аливаа ажлыг сонирхолтой болгох хэрэгтэй.

Ингээд та зорилгодоо хүрэх, зорилгоо зөв тодорхойлох 7 аргаас суралцлаа. Энэ аргуудыг хүмүүс мэддэггүй. Энэ 7 аргыг та ашиглаж сурах аваас зорилгодоо заавал хүрэх болно.

Танд амжилт хүсье.

Хүнд үеийг хэрхэн даван туулах вэ?

Таны амьралд хүнд хэцүү үе тохиолдоод байна уу? Амьдрал хяналтаас гарч, учраа олоход хэцүү санагдаж байна уу? Хайртаа хүнээсээ хагацах, гэр бүл салах, ажлаа алдах, шийдвэр гаргах гээд хүний амьдралд хэцүү цаг тохиолдохыг алийг тэр гэхэв. Энэ хямралын үеийг давж гарахын тулд хийж болох олон зүйл бий.



Өөрт байгаа хүч, боломжийг олж харахад тань доорхи аргууд туслах болно:

1. Шийдвэр гарга.

Та яг одоо энэ бүхнийг давж гарна гэдэг шийдвэр гарга. Амьдрал тань урьдынхаасаа өөр болсон ч байж болох юм. Зарим нэг зүйл хэзээ ч эргэхгүйгээр өөрчлөгдсөн ч байсан хамаагүй та урьд урьдныхаасаа хүчтэй байж чадна гэдэгт итгэх хэрэгтэй. Та бүхнийг ялагч байх болно гэж шийдэж чадвал бүхнийг ялах болно.

2. Дэмжлэг туслалцаа ав.

Та ганцаараа биш. Таныхтай адилхан бэрхшээлтэй олон хүн бий. Хэрвээ та хүсвэл хамтын хүчээр бүхнийг даван туулах зорилготой тусгай клуб, уулзалтанд хамрагдаж болох юм. Эсвэл интернэт чат, форумд хандаж адилхан асуудалтай хүмүүстэй холбогдож болно.

Эргэн тойрноосоо тусламж дэмжлэг хай. Гэр бүл, найз нөхдөөсөө дэмжлэг хүс. Гэхдээ тэд таны өмнөөс шийдвэр гаргах гэж оролдох нь танд таалагдахгүй байвал зүгээр л хань болж, сонсох нь чухал байна гэдгийг сануулаарай.

3. Сэтгэлээ нээ.

Итгэж найддаг хэн нэгэнтэй сэтгэлээ уудлан ярилцах нь тун чухал. Гуниг зовлон, уур бухимдал, эргэлзээ гээд мэдэрч буй бүхнээ ярь. Мөн зарим хүнд өдрийн тэмдэглэл хөтлөх нь ч ашигтай байдаг. Мэргэжлийн сэтгэл зүйч, зөвлөгөө өгдөг хүнд хандах нь бас таныг өөрийгөө ойлгож, шийдвэр гаргахад тань туслах болно.

4. Маргаашийн төлөө бүү санаа зов.

Бүхэл бүтэн ирээдүйнхээ төлөө одоо санаа зовох хэрэггүй. Маргааш юу болохыг хэн ч мэдэхгүй шүү дээ. Харин энэ өдөр юу хийж болох вэ гэдэгт л анхаарлаа хандуул. Нэг өдрийг хэдэн хэсэгт ч хувааж болно. Жишээ нь, энэ асуудлыг даван гарахын тулд өглөө юу хийх вэ, орой юу хийх вэ гэж төлөвлөн түүндээ анхаарлаа төвлөрүүл.

5. Тусламж хай.

Тусламж авч болох олон эх сурвалж эргэн тойронд тань бий. Гэр бүл, найз нөхөд гээд л. Тэд туслахыг хүссэн ч, яаж гэдгээ мэдэхгүй яваа ч юм билүү. Тусламж зөвлөгөө өгдөг байгууллагуудад хандах нь мөн ашигтай байдаг.

6. Идэвхитэй бай.

Амьдралын өдөр тутмын хэмнэлээ аль болох завгүй байлгахыг хичээгээрэй. Мөн биеийн дасгал хөдөлгөөн бол стрэсстэй тэмцэх маш чухал хэрэгсэл байдаг. Өглөө бүр гүйх, агаарт алхах, клубт хичээллэх нь таныг бие махбод болон сэтгэл санааны хувьд сэргэг, эрч хүчтэй болгох болно. өглөө гүйгээд орж ирэхдээ та тайван хэрнээ сэргэлэн болсон байгаа анзаарах болно.

7. Өөрөө өөртөө анхаарал тавь.

Өөртөө анхаарал тавихаа хэзээ ч орхигдуулж болохгүй. Өөртөө анхаарал тавина гэдэг бол та өдөр бүр 7-9 цаг хангалттай нойр авч, эрүүл зөв хооллохыг хэлнэ. Мөн гадаад төрхөндөө анхаарч, дуртай зүйлсээ хийх юм. Амьсгалын болон тайвшрах дасгалыг өдөр бүр 10-15 мин хийж хэвш. Энэ нь оюун ухаанаа төвлөрүүлж, бие махбодоо амраахад тустай.

8. Төлөвлө.

Сэтгэл санаа үнэхээр тогтворгүй байвал яг нэг зүйлийг барьж аван хийж дуусгах нь тайвшрахад тусална. Жишээ нь аяга таваг угаах, эсвэл ажлын төлөвлөгөө байж болно. Том хуанли дээр өдөр бүр хийх зүйлээ тэмдэглэ. Юу хийх ёстойгоо бичгээр харж унших нь танд илүү хяналттай байхад тустай.

9. Өөрт буй чадвараа олж мэд.

Энэ бүхнийг даван туулах хүч танд бий. Гагцхүү үүнийгээ мэдэрч, итгэх нь чухал. Өөрийнхөө давуу талууд, сайн зан чанар, чадвар боломжоо жагсаан бич. Та өөрийнхөө тухай хэлж чадахгүй бол таныг сайн мэдэх хэн нэгнээс асууж болох юм. Заримдаа таны хараахан мэдээгүй гайхамшигт чанарыг тань бусад хүмүүс олж харсан байдаг.

10. Эерэг хандлагын хүч.

Ирээдүйдээ итгэж найд. Тантай адил зовлонтой хүн олон байдгийг хүлээн зөвшөөр. Өдөр бүрийг үр бүтээлтэй өнгөрөөхийг хичээ. Өөрийнхөө талаар сайн зүйлийг л бод. Таны ирээдүй ямар байхыг хэн ч мэдэхгүй. Харин та өнөөдөр сайн сайханд итгэж найдаж чадвал маргааш үр өгөөж нь ирэх болно.

Хайрын үнэгүй программ

Худалдан авагч: Би техникийн талаар мэдлэг муутай л даа, ХАЙР – ын программыг яаж суулгадаг вэ? /install/

Мэргэжилтэн: Эхлээд өөрийнхөө ЗҮРХ гэсэн файлыг нээх хэрэгтэй. Нээсэн үү?
Худалдан авагч: Нээчихлээ. Гэхдээ тэр файл дотор одоогийн байдлаар ӨНГӨРСӨН ГУНИГ.exe АТАА ХОРСОЛ.exe ГОМДОЛ.exe гэдэг программууд ажиллаж байхад ХАЙР-ыг суулгаж болох болов уу?

Мэргэжилтэн: Тэр хамаагүй. ХАЙР-ыг суулгахад ӨНГӨРСӨН ГУНИГ. exe программ өөрөө арилчихдаг. Түр санамжинд тань байх боловч бусад программуудад нөлөөлж чадахгүй. ХАЙР нь эрт орой хэзээ нэгэн цагт БАГА ИТГЭЛ. exe –г арчиж ИХ ИТГЭЛ. exe гэдэг нэртэй модуль суулгадаг. Гэхдээ хамгийн гол нь та өөрөө ХОРСОЛ. exe ГОМДОЛ. exe гэдэг программуудыг хаахгүйгээр ХАЙР суугдахгүй. Та хааж чадах уу?
Худалдан авагч: За хаачихлаа. Тэгсэн чинь ХАЙР өөрөө автоматаар сууж эхэллээ. Зүгээр биз дээ?
Мэргэжилтэн: Тийм ээ, гэхдээ энэ бол үндсэн программ. Хамгийн сүүлийн үеийн дээд загварыг нь суулгахын тулд өөр ЗҮРХ-үүдтэй холбоо тогтоох ёстой.
Худалдан авагч: Ёооё, эхэлж амжаагүй байтал алдаа зааж байна?
Мэргэжилтэн: АЖИЛЛАХГҮЙ байна уу? Санаа бүү зов. Энэ бол энгийн алдаа. ХАЙР-ын программ нь өөр ЗҮРХ-нүүдэд ажиллахад бэлэн байгаа ч таны ЗҮРХ-энд ажиллахгүй байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл та бусдыг ХАЙРЛАХ-ын тулд эхлээд өөрийгөө ХАЙРЛАХ хэрэгтэй гэсэн үг.
Худалдан авагч:Тэгвэл би юу хийх хэрэгтэй вэ?
Мэргэжилтэн: “ӨӨРИЙГӨӨ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ” гэдэг файл доторх ӨӨРИЙГӨӨ УУЧЛАХ.DOC, ӨӨРТӨӨ ИТГЭХ.TXT , ҮНЭ ЦЭНИЙГ МЭДЭХ.TXT болон САЙН ҮЙЛС. DOC гэдэг файлуудыг сонгоод бүгдийг нь МИНИЙ ЗҮРХ гэдэг хавтастаа хийгээрэй. Дараа нь ӨӨРӨӨ ӨӨРТӨӨ СААД.EXE-ийг бүх файлуудаасаа бүр хогийн савнаасаа хүртэл арчиж, ор тас алга болгосонд итгэлтэй болох хэрэгтэй.

Худалдан авагч: Би чадлаа, үнэхээр МИНИЙ ЗҮРХ цэвэрхэн файлуудаар дүүрч байна. ИНЭЭМСЭГЛЭЛ.MPG дэлгэцэн дээр минь тоглож байна. ХАЛУУН ДУЛААН УУР АМЬСГАЛ.СОМ, СЭТГЭЛ ХАНГАЛУУН БАЙДАЛ.СОМ –ууд миний зүрхэнд хуулагдаж байна.
Мэргэжилтэн: Танд баяр хүргэе. ХАЙР-ын программыг амжилттай суулгалаа. Гэхдээ нэг зүйлийг санаарай. Хайрын программ үнэгүй байдаг. Тиймээс та өөрийн таньдаг мэддэг хүмүүст forward хийгээрэй. Тэр хүн бусадтай хуваалцсаны дараа эргээд танд гэгээн цэвэрхэн модулиуд илгээх болно. АМЖИЛТ!

Хэрхэн өнөөдрөө дурсамжтай өнгөрөөх вэ?

Хэн ч өнгөрсөнрүү явж шинэ эхлэлийг бий болгож чадахгүй, харин өнөөдөр шинээр эхэлж, шинэ төгсгөлийг бий болгож болдог.

Өчигдөр замхран алга болж, харин маргааш төсөөллийн үр дүнгээр бүрэлддэг. Тэгэхээр өнөөдөр бол таны амьд байгаа цор ганц өдөр юм. Өнөөдөр бол хамгийн чухал өдөр.

Харин хэрхэн өнөөдрөө дурсамжтайгаар өнгөрөөх вэ?

• Ямар нэг шинэ зүйлийг оролдоод үз. Аливаа зүйлийг сая удаа хийж болох ч анх удаа хийдэг нь ганц удаа юм. Тэгэхээр анхны мэдрэмж, анхны гэсэн зүйлс хамгийн их дурсамжийг дагуулж байдаг. Тиймээс шинэ зүйлийг оролдоод үзээрэй.

• Өөрийн үзэж өнгөрүүлсэн туршлагаараа өөрийгөө хөгжөөгөөрэй. Сайхан дурсамжууд мэдээж амьдралын сонирхолтой үйл явдлаас бүрэлддэг. Тиймээс танд гэж зөвлөхөөд твгээ унтраагаад гадагшаа гар. Хорвоо дэлхийтэй танилц, өөрийнхөө хувьд шинэ нээлтүүдийг хий. Амьдралаас тань өгөж болох бүх зүйлсийг хүртэхийн тулд хичээ. Тэгээд амьдрал танд ямар зүйлсийг санал болгохыг хараарай.

• Таны хувьд хамгийн утга учиртай гэсэн зүйлийг хий. Та өөрийгөө таны хувьд хамгийн утга учиртай гэсэн зүйлстэй холбо. Эсвэл урт хугацааны турш хийхийг хүсэж, бодож ирсэн зүйлээ хий. Амьдрал богино гэдгийг санаарай. Өнөөдөр л алхам хийх нь чухал.

• Өөрийгөө сорь. Шинэ зүйлийг сур. Бүтээлч бай. Жижиг байсан ч хамаагүй ямар нэг зүйлийг хийж бүтээ. Өөрийн чадвар чадлаа сорь. Жишээ нь өөрийгөө хэр хурдан гүйж чадахаа хар. Хязгаарлалтыг эвд.

• Бага зүйлдээр төвлөр, харин өөрийн бүх хүчээ зориул. Тайвшир. Өөрийн хийж буй зүйлдээ анхаар. Олон зүйлсэд бус үнэхээр чухал гэсэн хэсэгхэн зүйлсэд л төвлөр. Яг тухайн өдөртөө өөрийгөө бүрэн холбож сур.

• Олдсон боломжуудад хэзээд “Тийм “гэж хэл. Амьдралын бүх зүйлсийг төлөвлөж болдоггүй. Зарим боломжууд таныг бэлэн биш байхад, төлөвлөөгүй байхад гарч ирдэг. Энэ үед та уян хатан байх хэрэгтэй. Зүгээр л тийм гэж хэл.

• Дуусгаагүй ямар нэг зүйлээ хийж дуусга. Өнөөдөр бол эхэлсэн зүйлээ дуусгахад хамгийн тохиромжтой цаг. Удаан хугацааны турш мөрөндээр тань байсан зүйлс арчигдах үед сайхан мэдрэмж төрдөг шүү дээ.

• Өнөөдрөө дурсах хамгийн зөв арга бол зураг дарах. Олон зурагнуудыг дар. Тэмдэглэл хөтөл. Ингэснээр та дараа нь энэ өдрийг дурсаж чадна.

• Инээ, эерэг бай. Амьдралд тохиолдох зүйлс сайн ч биш, муу ч биш байдаг. Энэ бүхэн ердөө таны хандлагаас хамаарна. Ямар ч зүйл тохиолдсон бай, болдог зүйл болоод л өнгөрдөг шүү дээ. Та хожино эсвэл алдаанаасаа суралцана шүү дээ. Тиймээс аливаа зүйлд эерэгээр хандах хэрэгтэй.

• Өөрөө өөртөө үнэнч бай. Хэн нэгний 2дах хувилбар байснаас өөрөө өөрийнхөө оригнал хувилбар бай. Хэрвээ та өөрөө өөрөөрөө амьдрахгүй бол жинхэнэ утгаараа амьдрахгүй байгаа хэрэг шүү дээ. Жинхэнэ утгаараа амьдрахгүй байх аваас хэрхэн дараа нь дурсах билээ.

• Хэрэгтэй хүнд нь тус бол. Амьдралд та өгж байгаа зүйлээ авдаг. Та хэн нэгний амьдралд эерэг зүйлийг хийх аваас таны амьдрал эргээд эерэг болдог. Хэн нэгэнд аз жаргал өгсөн өдөр таны хувьд болоод тухайн хүний хувьд мартагдашгүй байх болно.

• Шинэ найзтай бол. Хүн гэдэг маш гайхалтай, сонирхолтой зүйлс. Тиймээс шинэ хүмүүстэй уулз, танилц. Юу тэднийг сонирхолтой болгоод байгааг ол. Тэд таны нүдийг нээж, алсын харааг тань хөгжүүлэх болно. Магадгүй тэд таны амьдралыг өөрчилж ч болох юм.

• Ямар нэг хөгжилтэй зүйлийг хий. Хөгжилтэй өнгөрсөн мөчүүд хамгийн тод санагддаг шүү дээ.
• Одоогоороо амьдар. Битгий амьдралын нэг өдрөө хэрэггүй өнгөрөөгөөрэй. Өнгөрсөнөө зүхэж, маргаашдаа санаа зовож байхаар өнөөдөртөө л амьдар

Хийж байгаа ажлаа хэрхэн удаашруулахгүй, хурдан хийж дуусгах вэ?

Хүн өөрийн зорилго, мөрөөдөл, хүслээ бусниулах олон зүйлсийг хийж байдаг. Удаашрал бол хамгийн том алуурчин. Хүн удааширсанаар өөрийн амжилтын замд хаалт тавьж эхэлдэг.

1. Өндөр шаардлага тавихаас сэргийл.
“ Бараг л дуусчихлаа. Гэхдээ арай л….. Дараа долоо хоногт дахиад жоохон хийчихье дээ” .
Ямар сонсогдож байна? Хэт өндөр шаардлага удаашралыг бий болгодог. Энэ бол ажлыг хойш тавихад өөрийгөө зөвтгөх маш амархан арга болдог.
Мөн хүн ямар нэг зүйлд бэлдэхдээ бэлдэх процессд хэт их анхаарах аваас хэзээ бэлдэж дуусахаа мэдэхээ больдог ба яг хэзээ ажлаа хийж эхлэхээ мэддэггүй юм.

2. Яг одоо эхэл.
Өөрийгөө бэлэн байгаа эсэхээ мэдэх хамгийн зөв арга бол яг одоо эхлэх. Хэрвээ эхлээд ямар нэг зүйл нь болж өгөхгүй байвал өөрчилөөд үз. Энэ бол жинхэнэ үйл явц юм.
Хүн ихэнхдээ сайхан цаг үе, зөв цагийг хүлээсээр хайран цагаа үрж орхидог. Гэтэл үнэндээ хэзээ ч зөв цаг, тохиромжтой цаг гэж байдаггүй, харин хүн өөрөө тохиромжтой цаг үеийг бий болгодог гэнэ. Тэгэхээр цаг алдахаа зогсоогоод, одооноос эхэл.
Үйлдэл хийсэн цагт л үйл явдал өрнөдөг шүү дээ. Тиймээс зорилгоо тодорхойлоод, зорилгодоо хүрэх алхамуудыг гаргаад шууд хийж эхэл. Нэгэнт эхлэх аваас зогсож чадахгүй л болов уу.

3. Өдөр бүр 3 алхамыг хийж бай.
Заримдаа зарим зүйлс хийхэд хэт хэцүү санагдсанаар хийж эхлэхээс халширдаг шүү дээ. Тэгэхээр хэцүү санагдаад байгаа ажлаа энгийн хэдэн алхам болгон хуваа.
Тэгээд өдөрт ердөө 3 алхамыг нь л хийж амжуул. Ингэснээр та долоо хоногт 21 алхам, сард 84 алхамыг хийсэн байх болно. Та ихийг хийх тусам ажил тань хурдан, бас амархан дуусах болно.

Хэрхэн оюун ухаанаа сэргэг байлгах вэ?

Бидний нас нэг нэгээр нэмэгдэх тутам хүний нэр, хийх ажлын жагсаалтын дараа нь юу байлаа гээд жижиг сажиг зүйлсийг цаашлаад чухал тэмдэглэлт өдрөө хүртэл санаандгүй мартчихдаг шүү дээ. Доорх зөвлөгөөнөөс та хэрхэн оюун ухаанаа сэргэлэн хэвээр байлгах талаар уншаад үзээрэй.
Зөвлөгөө 1. Зүүн тархиа хөгжүүл.

Хүний зүүн тархи нь учир шалтгааныг олж тогтоох, хэл сурах, математикийн чадвар зэргийг хянаж байдаг. Тиймээс түүнийг байнга хөгжүүлж, ажиллагаатай байлгахын тулд Sudoku гэх мэт оюун ухааны тоглоомыг тоглох, өдөр бүр шинэ гадаад үг хэллэг сурах зэргээр ажиллах хэрэгтэй.

Зөвлөгөө 2. Баруун тархиа хөгжүүл.
Тархины тань энэ хэсэг бүтээлч байдал урлагийн мэдрэмж зэргийг хариуцан ажилладаг. Тархиа хөгжүүлэхийн тулд хөгжмийн зэмсэг тоглох, зурах,шинэ төрлийн хоббиг өөртөө бий болгоорой. Дуулах хүртэл танытархины үйл ажиллагааг сайжруулахад үнэтэй хувь нэмэр оруулдаг юм байна.

Зөвлөгөө 3. Тархиныхаа ерөнхий үйл ажиллагааг сайжруулах.
Бясгалгалд суралцах , та заавал мэргэжлийн түвшинд бясалгал хийх албагүй шүү дээ. Амьдралынхаа жаргалтай гэгээтэй дурсамжуудыг тайван орчинд эргэн мэдэр,сана. Одоо байгаа жаргалаа хүлээн авч түүнд таларх. Ирээдүйд бий болох жаргалыгтөсөөл бас залбир.
Цээжлэх чадвараа байнга хөгжүүл. Аливаа мэдээллийг зөвхөнунгаад өнгөрөх биш хэрэгтэй тоо мэдээллийг цээжилж тогтоож занш.
Нийгмийн идэвхитэй байж олон хүнтэй харилц.

Та суугаа ажилтай бол амралтын өдрүүдээр зориуд өөртөө цаг гаргаж дасгал хийж байгаарай. Хөдөлгөөн бол уураг тархинд хийх вакцин байх болно.
Ингээд амжилт.

Япон аргаар хэрхэн хурдан турах вэ?

Охид бүсгүйчүүд гэлтгүй орчин үеийн залуус маань ч жингээ хасах, биеэ авч явах соёлд гайхалтай суралцаж байгаа энэ үед та бүхэндээ биеийн жингээ хасах мөн эрүүл мэндэд тань тустай жорыг танилцуулья.
14 хоногийн дотор 5 – 8 кг жин хасна. Энэ 14 хоногт давс, сахар, архи, дарс, гурил, чихэр огт хэрэглэж болохгүй. Харин рашаан, буцалсан усыг хүссэн хэмжээгээрээ ууж болно.
Эхний өдөр
Өглөө – Хар кофе
Өдөр 12:00 – 14:00 Чанасан өндөг – 2 ш, байцааны салат, томатны жүүс
Орой 17 – 19:00 Шарсан загас, байцааны салат
2 дахь өдөр
Өглөө – Хар кофе
Өдөр – Шарсан загас, байцааны салат
Орой – Үхрийн чанасан мах, 1 аяга тараг
3 дахь өдөр
Өглөө – Хар кофе
Өдөр – Түүхий өндөг – 3 ш, чанасан лууван, хатаасан бяслаг
Орой – Алим 3 ш
4 дахь өдөр
Өглөө – хар кофе
Өдөр – Шанцай, олив болон лимоны шүүсээр амталсан бууцай, ногоон салат, 1 ш алим
Орой – Үхрийн чанасан мах, чанасан өндөг 2 ш, байцааны салат
5 дахь өдөр
Өглөө – Нимбэгний шүүсээр амталсан түүхий лууван
Өдөр – Чанасан загас, томатны шүүс
Орой – Шарсан загас, байцааны салат
6 дахь өдөр
Өглөө – Хар кофе
Өдөр – Тахианы мах, түүхий лууван эсвэл байцааны салат
Орой – Чанасан өндөг 2 ш, түүхий луувангийн салат
7 дахь өдөр
Өглөө – Цай
Өдөр – Үхрийн чанасан мах, жимс
Орой – Тахианы мах, түүхий лууван эсвэл байцааны салат
8 дахь өдрөөс дахин 1-р өдрийн хоолноос эхлэн дарааллан иднэ.
Анхааруулга: Яг өдрийн дараалал жорыг нягт баримталснаар бодисын солилцоо зөв явагдаж та эрүүлээр жингээ хасна.
Дэглэмийн дараа огцом их давс, чихэр, согтууруулах ундаа хэрэглэж болохгүй.
Дэглэмийг 2 жилд нэг удаа барихыг зөвлөж байна. Олон удаа хэрэглэх нь эрүүл мэндэд тань эргээд хор болж болзошгүй.

Гоо сайхан байхад тэвчээр хатуужил хэрэгтэй. Та нэгхэн удаа өөрөө өөртөө шударга байж үзээрэй. Үр дүн заавал гарах болно амжилт!