Saturday, October 3, 2009

Хүнд үеийг хэрхэн даван туулах вэ?

Таны амьралд хүнд хэцүү үе тохиолдоод байна уу? Амьдрал хяналтаас гарч, учраа олоход хэцүү санагдаж байна уу? Хайртаа хүнээсээ хагацах, гэр бүл салах, ажлаа алдах, шийдвэр гаргах гээд хүний амьдралд хэцүү цаг тохиолдохыг алийг тэр гэхэв. Энэ хямралын үеийг давж гарахын тулд хийж болох олон зүйл бий.



Өөрт байгаа хүч, боломжийг олж харахад тань доорхи аргууд туслах болно:

1. Шийдвэр гарга.

Та яг одоо энэ бүхнийг давж гарна гэдэг шийдвэр гарга. Амьдрал тань урьдынхаасаа өөр болсон ч байж болох юм. Зарим нэг зүйл хэзээ ч эргэхгүйгээр өөрчлөгдсөн ч байсан хамаагүй та урьд урьдныхаасаа хүчтэй байж чадна гэдэгт итгэх хэрэгтэй. Та бүхнийг ялагч байх болно гэж шийдэж чадвал бүхнийг ялах болно.

2. Дэмжлэг туслалцаа ав.

Та ганцаараа биш. Таныхтай адилхан бэрхшээлтэй олон хүн бий. Хэрвээ та хүсвэл хамтын хүчээр бүхнийг даван туулах зорилготой тусгай клуб, уулзалтанд хамрагдаж болох юм. Эсвэл интернэт чат, форумд хандаж адилхан асуудалтай хүмүүстэй холбогдож болно.

Эргэн тойрноосоо тусламж дэмжлэг хай. Гэр бүл, найз нөхдөөсөө дэмжлэг хүс. Гэхдээ тэд таны өмнөөс шийдвэр гаргах гэж оролдох нь танд таалагдахгүй байвал зүгээр л хань болж, сонсох нь чухал байна гэдгийг сануулаарай.

3. Сэтгэлээ нээ.

Итгэж найддаг хэн нэгэнтэй сэтгэлээ уудлан ярилцах нь тун чухал. Гуниг зовлон, уур бухимдал, эргэлзээ гээд мэдэрч буй бүхнээ ярь. Мөн зарим хүнд өдрийн тэмдэглэл хөтлөх нь ч ашигтай байдаг. Мэргэжлийн сэтгэл зүйч, зөвлөгөө өгдөг хүнд хандах нь бас таныг өөрийгөө ойлгож, шийдвэр гаргахад тань туслах болно.

4. Маргаашийн төлөө бүү санаа зов.

Бүхэл бүтэн ирээдүйнхээ төлөө одоо санаа зовох хэрэггүй. Маргааш юу болохыг хэн ч мэдэхгүй шүү дээ. Харин энэ өдөр юу хийж болох вэ гэдэгт л анхаарлаа хандуул. Нэг өдрийг хэдэн хэсэгт ч хувааж болно. Жишээ нь, энэ асуудлыг даван гарахын тулд өглөө юу хийх вэ, орой юу хийх вэ гэж төлөвлөн түүндээ анхаарлаа төвлөрүүл.

5. Тусламж хай.

Тусламж авч болох олон эх сурвалж эргэн тойронд тань бий. Гэр бүл, найз нөхөд гээд л. Тэд туслахыг хүссэн ч, яаж гэдгээ мэдэхгүй яваа ч юм билүү. Тусламж зөвлөгөө өгдөг байгууллагуудад хандах нь мөн ашигтай байдаг.

6. Идэвхитэй бай.

Амьдралын өдөр тутмын хэмнэлээ аль болох завгүй байлгахыг хичээгээрэй. Мөн биеийн дасгал хөдөлгөөн бол стрэсстэй тэмцэх маш чухал хэрэгсэл байдаг. Өглөө бүр гүйх, агаарт алхах, клубт хичээллэх нь таныг бие махбод болон сэтгэл санааны хувьд сэргэг, эрч хүчтэй болгох болно. өглөө гүйгээд орж ирэхдээ та тайван хэрнээ сэргэлэн болсон байгаа анзаарах болно.

7. Өөрөө өөртөө анхаарал тавь.

Өөртөө анхаарал тавихаа хэзээ ч орхигдуулж болохгүй. Өөртөө анхаарал тавина гэдэг бол та өдөр бүр 7-9 цаг хангалттай нойр авч, эрүүл зөв хооллохыг хэлнэ. Мөн гадаад төрхөндөө анхаарч, дуртай зүйлсээ хийх юм. Амьсгалын болон тайвшрах дасгалыг өдөр бүр 10-15 мин хийж хэвш. Энэ нь оюун ухаанаа төвлөрүүлж, бие махбодоо амраахад тустай.

8. Төлөвлө.

Сэтгэл санаа үнэхээр тогтворгүй байвал яг нэг зүйлийг барьж аван хийж дуусгах нь тайвшрахад тусална. Жишээ нь аяга таваг угаах, эсвэл ажлын төлөвлөгөө байж болно. Том хуанли дээр өдөр бүр хийх зүйлээ тэмдэглэ. Юу хийх ёстойгоо бичгээр харж унших нь танд илүү хяналттай байхад тустай.

9. Өөрт буй чадвараа олж мэд.

Энэ бүхнийг даван туулах хүч танд бий. Гагцхүү үүнийгээ мэдэрч, итгэх нь чухал. Өөрийнхөө давуу талууд, сайн зан чанар, чадвар боломжоо жагсаан бич. Та өөрийнхөө тухай хэлж чадахгүй бол таныг сайн мэдэх хэн нэгнээс асууж болох юм. Заримдаа таны хараахан мэдээгүй гайхамшигт чанарыг тань бусад хүмүүс олж харсан байдаг.

10. Эерэг хандлагын хүч.

Ирээдүйдээ итгэж найд. Тантай адил зовлонтой хүн олон байдгийг хүлээн зөвшөөр. Өдөр бүрийг үр бүтээлтэй өнгөрөөхийг хичээ. Өөрийнхөө талаар сайн зүйлийг л бод. Таны ирээдүй ямар байхыг хэн ч мэдэхгүй. Харин та өнөөдөр сайн сайханд итгэж найдаж чадвал маргааш үр өгөөж нь ирэх болно.

No comments:

Post a Comment